Wednesday, March 4, 2015

Android Заавар



Андройд үйлдлийн систем 2008 оны 10 сарын 21-нд (wikipedia) албан ёсоор нийтэд түгсэн байна. Үүсгэн байгуулагчид нь аль 2003 онд уг үйлдлийн системийг боловсруулж эхлээд байсан бол 2005 онд Google худалдан авчээ. Нээлттэй эхийн уг үйлдлийн системийг ашиглахад үнэгүйгээр кодыг нийтэд ил болгосон хэдий ч Google-ын Compatibility Definition Document (CDD) гээчид нийцэж байх ёстой ба Андройд Маркетыг системдээ ашиглахын тулд Google баталгаажуулсан байх ёстой аж. Тэгэхээр нэрлэж байгаа шигээ тийм ч бүрэн нээлттэй систем биш бололтой.

Юуны түрүүнд уг системийн хувилбаруудыг танилцуулъя. Хувилбарын нэр нь дандаа амттангаар нэрлэгдсэн байдаг.
Cupcake 1.5 - Туршилтын туулай гэж нэрлэж болно. Одоо энэ хувилбартай ажиллаж байгаа хэрэгсэл бараг үгүй гэхэд болно. Байсан ч музейд тавьж болох байх.
Donut 1.6 - Бас нэг туршилт. Амжилт олоогүйгээс гадна бөөн алдаа.
Eclair 2.0/2.1 - Томоохон өөрчлөлт, амжилтуудыг агуулсан. Хөдөлгөөн ханын цаас (live wallpapers) сайжруулсан хэрэглэгчийн харилцах хэсэг (user interface) зэрэг өмнө нь огт байгаагүй зүйлсийг нэмж өгсөн байна. Одоог хүртэл олон хэрэгсэлүүд үйлдвэрээс гарахдаа энэ хувилбартай байдаг.
Froyo 2.2 - Adobe Flash видео дэмждэг болсон нь том дэвшилт болсон. Бас CPU ажиллагааг сайжруулж өгсөнөөс гадна application-ыг SD карт руу зөөвөрлөх боломжтой болгосноор өөр дээрээ багтаамж багатай Android хэрэгсэлүүдэд аврал болжээ. Бас нэг томоохон дэвшил нь data tether буюу утасныхаа дата интернетийг bluetooth болон USB-ээр дамжуулан бусад хэрэгсэлүүдтэй хуваалцах байлаа. Нийт Андройд утаснуудын 70 хувь орчим нь энэ хувилбар дээр ажиллаж байгаа.
Gingerbread 2.3 - Баттерей ашиглалтыг сайжруулсан. Хэмнэлт сайтай болсон гэсэн үг. График, хэрэглэгчийн харилцах хэсгийн сайжруулалтыг хийж өгсөнөөр харагдах байдал өнгөлөг болж өгсөн байна. Харамсалтай нь цөөн тооны (нийт Андройд хэрэгсэлүүдтэй харьцуулахад) Андройд утаснууд энэ хувилбарын шинэчлэлтийг хийх боломжтой байгаа.
Honeycomb 3.0/3.1 - Хэрэглэгчийн харилцах цэсэнд томоохон өөрчлөлтийг хийсэн. Зөвхөн таблетууд дээр ажиллах энэ хувилбарын утсан дээрхи Ice Cream Sandwitch хувилбар энэ оны сүүлийн улиралд гарах төлөвтэй байгаа?

Restore/Flash хийх:

Үйлдлийн системийг өөрчлөх, дахиж суулгах үйл явцыг флаш хийнэ гэж нэрлэдэг. Фирмвэйр буюу үйлдлийн системийн файлыг ROM гэж нэрлэх ба
Stock ROM буюу оригиналъ фирмвэйр (тухайн хэрэгсэл үйлдвэрлэгчээс гаргасан)
Custom ROM буюу үүсгэсэн фирмвэйр (Андройд хөгжүүлэгчид, сонирхогчид, хоббитонгуудын гаргасан үүсгэмэл хуулбар)

Үйлдвэрийн тохиргоотой Андройд хэрэгсэлүүд NAND буюу хэрэгсэл дотор байрших санах ой дээр ROM суугдсан байдаг. Харин custom ROM суулгахын тулд (хоёр ба түүнээс дээш хувилбар суулгахад мөн адил) SD картаас ажиллуулж, ашиглах тохиолдол элбэг. Учир нь зарим хэрэгсэл NAND flash дэмждэггүй.

Ихэнхидээ SD карт болон Clockwork Recovery (нэг төрлийн custom recovery багаж - Boot menu) ашиглаж флаш хийж болдог ч ODIN болон DFT (Dark Force Team)-ын Android Flasher програм ашиглаж суулгаж бас болдог. Хамгийн адармаатай нь асар олон төрлийн Андройд хэрэгсэлүүд, үйлдвэрлэгчид өөр өөрсдийн хувилбарыг гаргасан байдаг учраас тухайн хэрэгсэл бүрт таарах файлуудыг тус тусад нь татаж авах хэрэг гардаг. iOS фирмвэйртэй харьцуулахад хэрэв та хэдэн ширхэг байх нь хамаагүй iPhone 3Gs iOS 4.3.3 фирмвэйр restore хийх гэж байгаа бол таньд зөвхөн нэг л файл хэрэг болно. Харин Андройд хэрэгсэлийн хувьд HTC HD2 дээр ажиллаж байгаа заавар, файлууд адилхан үйлдвэрийн HTC Desire HD дээр огт тохирохгүй. Заавар нь ойролцоо байлаа ч та тохирох ROM-ыг заавал тусад нь татаж авах шаардлагатай болно.

Rooting

Ихэнхи custom ROM нь root буюу системийн хязгаарлалтыг үгүй болгосон байдлаар суусан байдаг. Харин оригиналъ ROM-той хэрэгсэлд Superuser application-ыг суулгаж өгсөнөөр root буюу системийн файлуудад нэвтрэх администратор эрхтэй болох юм. Энэ үйл явцыг rooting гэж нэрлэх бөгөөд ихэвчилэн SD картаар update.zip файлыг уншуулсанаар хийх боломжтой. Мөнтүүнчилэн Oneclickroot, Super OneClick Root гэх мэт олон төрлийн root хийдэг програмууд байдаг. Root хийснээр та Android Market дээр байдаггүй, сонирхогчдын болон өөрийн хөгжүүлсэн програм, тоглоомуудыг суулгах боломжтойгоос гадна програм хангамжийн мэдлэгтэй бол өөрийн эзэмшиж буй хэрэгсэлээ хүссэн хэмжээндээ хүртэл тохируулан ашиглах боломжийг олгох юм.

Unlocking

Хэдийгээр нээлттэй эхийн системтэй гэх боловч смартфон үйлдвэрлэгч нь оператор компаниудын захиалгаар тухайн сүлжээний СИМ картанд таарахаар түгжиж орхидог. Өөр оронд, өөр операторын сүлжээнд ашиглахын тулд уг түгжээг мултлахыг (тархины түгжээ бус) unlock хийх гэж нэрлэнэ. Unlock хийх үйл явц нь програм хангамж ашиглан, эсвэл төхөөрөмж ашиглан хийгдэнэ. Андройд утасны Modem гэж байх ба үүнийг тохируулах замаар unlock хийх олон аргууд байдаг бол зарим custom ROM нь modem-ыг unlock урьдчилан хийсэн байдаг.

Apps



Android Market-аар дамжуулан албан ёсны 250.000 гаруй application-оос гадна албан бус 440.000 гаруй (wikipedia) application байгаа. 2008 оны 8 сарын 28-нд анх нийтийн хүртээл болсон уг online App дэлгүүр нь Андройд системд зориулж application зохиогчид өөрсдийн бүтээлээ байршуулан худалдах, сурталчилах боломжоор хангадаг.

No comments: